Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн таван төв, Булган сумын Өрхийн мэндийн төвд нийт 60 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Энэ хамт олон хүн, хүчний нөөц багатай ч хамгийн олон хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Ялангуяа "Ковид-19" цар тахлын халдварын үед хамгийн их ачаалалтай ажилласан хүмүүсийн нэг бол Өрхийн эмнэлгийнхэн.
Зөвхөн Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд л гэхэд энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар халдвар авсан 10200 гаруй иргэнийг эмчилж, давхардсан тоогоор 45600 хүнд вакцин хийж ажилласан.
Өнгөрсөн хугацаанд ачаалалтай байсан ч өөрсдийн нөөц боломжоо дайчлан ажиллаж ирсэн Өрхийн эмнэлгийн эмч ажилчдын ажлын нөхцөл байдлыг сайжруулах, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү шуурхай болгох үүднээс аймгийн Засаг даргын хувьд Онцгой комиссын гишүүдтэйгээ ярилцан "унаажуулах" асуудлыг санаачилсан минь ийнхүү биелэлээ оллоо.
Өнөөдөр /2021.12.19/ Жаргалан, Буянт, Рашаант Өрхийн эрүүл мэндийн төв, Булган сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн машиныг хүлээлгэн өгөв. Удахгүй үлдсэн хоёр машиныг хүлээлгэн өгөх юм.
Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг иж бүрэн тоноглосон, эмнэлгийн зориулалтын автомашинаар хангах санаачлагыг дэмжиж төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж хамтран ажилласан УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт танд аймгийн Онцгой комиссын гишүүд, нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн "ТАЛАРХАЛ"" илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Иргэн бүр эрүүл байг.