Мэндчилгээ
Баруун бүсийн тулгуур төв Ховд нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн ээлжгүй манаанд, эмнэлгийн байгууллагыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан тус аймагт ажиллаж байсан болон одоо ажиллаж буй салбарынхаа эмч, сувилагч, нийт ажилтнууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, дэмжих эрхэм хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээсэн манай эмч, мэргэжилтэн, ажилтнууд ард иргэддээ үеийн үед цаг мөчтэй уралдан, өөрсдийн мэргэжлийн ур чадвар, сэтгэл оюунаа дайчлан зориулж ирсэн түүхээ хадгалж эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэхийн төлөө бүхий бололцоогоо дайчлан зүтгэж, анагаахын ухааны орчин үеийн шинэ техник, технологийн дэвшлийг оношилгоо, эмчилгээндээ нэвтрүүлж, инновацыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг өргөжүүлэх талаар түлхүү анхаарч ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг цогцоор шийдвэрлэн ажиллах зорилтыг дэвшүүлэн тодорхой ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид бид ололт амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо нягтлан дэнсэлж, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйгээ чандлан сахиж, энэрэнгүй үйлсийнхээ эрч хүчийг нэмэгдүүлж, эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтныхаа нэр хүндийг улам өндөр өргөн ард иргэдийнхээ итгэлийг хүлээн ажиллана гэдэгт итгэж байна.
Эмч ажилчдын минь үйлс нь бүтэмжтэй, амьдрал нь ямагт өөдрөг, эрүүл энх аз жаргалтай байх болтугай.
Эрүүл мэндийн газрын дарга, Анагаах ухааны Магистр, Клиникийн Профессор, Тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.МЯГМАРСҮРЭН