card

Эрүүл мэндийн салбар, байгуулагын үүсэл хөгжил дэвшил, түүхэн замнал

Ховдын Эрүүлийг хамгаалахын түүхийг сөхөхийн өмнө Ховд аймгийн төр захиргааны хөгжлийг товч боловч танилцуулая. Баруун Монголын түүх Чингис хааны үндэслэн байгуулсан их Монгол улсаас эхлэх боловч Ховдын түүхийг Тэргүүн дөрвөн Ойрадын холбоо (1437-1502),  Дунд дөрвөн Ойрадын холбоо (1502-1637), Сүүлийн дөрвөн Ойрадын холбоо (1637-1758)-оор тодорч баяжиж иржээ. Ховдын хязгаар, Монголчуудын үндсэн язгуур нутаг, 15 дугаар зууны  үеэс Монгол улс, Ойрад Монгол, Зүүн гарын монгол гэж задран хуваагдсанаас эхтэй ажээ. 1760-аад оноос Ховд Алтайн газар нутгийг бүхэлд нь Ховдын хязгаар гэж нэрлэснээр 1911, 1921 оны үндэсний эрх чөлөөний ардын хувьсгалтай золгож, 1925 он хүртэл үндсэндээ энэ нэрээр оршин тогтнож, Баруун монголын засгийн газар хүртэл байгуулж байсан удаатай юм. 1925-1930 онд Ховдын хязгаар гэдгийг өөрчилж Чандмань уулын аймаг болгон 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арвантайгаар байгуулжээ.

Чандмань уулын аймаг байгуулагдсанаар Ховдод шинэ төрийн тогтолцоо төлөвшиж, эрүүлийг хамгаалахын улсын чанартай анхан шатны тусламжийг элементүүд бий болж анхны их бага эмч нар нь зөвлөлт холбоот улсаас уригдсан мэргэжилтнүүд байжээ.

Энэ цаг үеээс хойш одоог хүртэлх төр, нийгмийн хөгжлийн үе шатуудыг амжилттай даван туулсаар  2017 оны байдлаар Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт ЭМГ, БОЭТ, Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сум дундын эмнэлэг 1, сумын эмнэлэг 14, өрхийн эмнэлэг 6, ортой хувийн хэвшлийн эмнэлэг 6, үүдэн эмнэлэг 26, ЭХНБ 6, эмийн сан 18, эмийн эргэлтийн сан 16-тайгаар нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээг 1345 эмч, эмнэлгийн  мэргэжилтэн  иргэдэд хүргэн ажиллаж байна.

2.Эрүүл мэндийн салбар, байгууллагын үйл ажиллагаа, ололт амжилт, үйл явдлын товчоон

 1921-1940 он

1925 онд хуралдсан Улсын 2 дугаар их хурлаас европ эмнэлгийн салбарыг хэд хэдэн аймагт байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1925 онд 1 их эмч, сувилагч, асрагч тус бүр 3 болон тогооч, хэлмэрч бүгд 12 ажилчдын бүрэлдэхүүнтэй 15 ортой анхны эмнэлгийг Чандмань уулын аймгийн төв Ховд хотноо байгуулсан нь одоогийн Ховд аймгийн Эрүүл мэндийн байгууллагын анхны суурь болсон юм. Тэр үед эмчээр нь Зөвлөлтийн эмч Сесанов, бага эмчээр Цэрмаа хэлмэрчээр Сандаг нар ажиллаж байсан байна. Дараа нь Зөвлөлтийн эмч доктор Копирен Андреев ажиллаж байжээ.

Анхны эмнэлэг байгуулагдсан цагаас хойш баруун хязгаарын ард түмэнд эмнэлгийн тусламж үзүүлэх цэг салбарын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан 1932 оноос Булган, Зэрэг, Мянгад, Улаанхус, Толбо сумуудад хүний бага эмчийн салбар байгуулагдаж шинээр сургууль төгссөн залуучууд ирж ажиллаж байлаа. 1933 оноос Эрхүү хотод АУДунд сургууль төгссөн бага эмч Хишигтогтох, Үенч суманд 1937-1940 онуудад ЭМЯ-ны сайдаар ажиллаж байсан Туваан Булган суманд ажиллаж байжээ.

Европ эмнэлгийн үйлчилгээг хүн амд өргөнөөр хүргэхэд эмийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай учир 1932 онд анхны аптек эрхлэгч, эм боогч, шил угаагч, манаач зэрэг 4 орон тоотой аймгийн төвд байгуулагджээ.

Аймгийн эмнэлгийн ор 1935 онд 25, Анхны түргэн тусламжийн машин 1937 онд ирж иргэдэд дуудлагаар үйлчлэх боломж илүү нэмэгдсэн байна.  1938 онд эмнэлгийн ор 45 болж мэс засал хийдэг болов.Мөн 1938 оноос сувилагч бэлтгэх курс нээн ажилуулж байжээ. 1938 онд Эрүүлийг хамгаалах газрын дарга нь Козолов гэдэг орос мэргэжилтэн ажиллаж байжээ.

Эмнэлгийн цэг салбар олноор байгуулагдаж үйлчлэх хүрээ өргөсөн ажиллах боловсон хүчин нэмэгдэж материаллаг бааз бий болж эмнэлгийн албыг удирдах шаардлага гарснаар 1939 онд аймгийн эмнэлгийн хэлтэс байгуулагдаж анхны даргаар нь Даваасамбуу ажиллаж байжээ. Мөн Улаанбаатар хотын хүн эмнэлгийн техникумын анхны бага эмчийн ангийг төгссөн Балжинням, Догмид, Ичинхорлоо нар орон нутагтаа ирж ажиллан шинээр бага эмчийн салбар байгуулсан байна.

Хөгжлийн энэ үед сүм хийд лам нарын уламжлан авч баяжуулан хөгжүүлж ирсэн ардын уламжлалт эмчилгээнээс өөр шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан өнөөгийн эмнэлгийн ач тусыг мэдэхгүй байсан алс баруун хязгаарын ард түмэнд Европ эмнэлгийн ач тусыг ойлгуулах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, үндэсний боловсон хүчин дунд мэргэжилтэнүүдийг бэлтгэх, хөдөө орон нутагт бага эмчийн салбаруудыг байгуулах зорилтууд амжилттай хэрэгжсэн юм.

1941-1960 он

1948 оноос Үндэсний дээд мэргэжлийн их эмч Лхамсүрэн аймгийн больницид ерөнхий эмч, хэлтэсийн даргын ажлыг хавсран ажиллаж байсан байна. Мөн энэ онд Сүрьеэгийн тасаг, арьс өнгөний өвчнийг эмчлэх тасаг байгуулагджээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийг 1949 онд 80 ортой аймаг дундын эмнэлэг болгон өргөжүүлж Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Энэ үед их эмч Дунгаамаа, Ч.Долгор, Т.Бямбажав, Л.Буджав, М.Дуламжав, Д.Түвдэнрэгзэн зэрэг үндэсний боловсон хүчнүүд,  Добринский, Шаханов, Распутин, Нина, Самайлович, Шуланов,  Негончик, Талхарян, Брускина зэрэг зөвлөлтийн олон эмч мэргэжилтэнүүд ажиллаж байсныг бид мартах ёсгүй юм. Энэ хүмүүс анхны үндэсний дээд мэргэжилтэнүүд, анхны эрдэмтэд, Монгол улсын эрүүл мэндийн системийн үе үеийн олон зуун эмч мэргэжилтэнүүдийг бэлтгэсэн багш нар эрүүлийг хамгаалахын анхны зохион байгуулагчид байсан юм.

1952 онд Булган суманд, 1958 онд Зэрэг суманд их эмчийн салбар байгуулагдан анхны их эмчээр нь Д.Дагийсүрэн, Ж.Сэд нар, Дарви сумын анхны бага эмчээр Б.Санждорж, Пэрэнлэйдаш, Догмид, Дорж, Орших, Эрхэмбаяр нар,  Хайрхан сумын бага эмчээр Э.Готов, Б.Баянхүү, Хуяг-Очир, Занданхүү нар, Зэрэг суманд Лунжгай, бага эмчээр Доржготов, Манхан суманд бага эмчээр Мижиддорж /хожим хэлтсийн дарга болсон/, Алтай суманд Эрхэмбаяр, Халтархүү нар, Чандмань сумын бага эмчээр Хуяг-Очир, Ховд суманд Пионер нар ажиллаж байлаа. Мөн энэ онд аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга  шинээр баригдсан ба сувилагчийн курс байгуулагдаж анхны захиралаар нь бага эмч Дамба гэж хүн ажиллаж байжээ. 1953-1955 онд ЗХУ-аас уригдан ирсэн их эмч Морозова больницийн даргаар ажиллаж байлаа. Энэ үед ЗХУ-ын эмч Морозова дотор, мэдрэлийн эмчээр, уушигны эмчээр Куликова, эм зүйчээр Черникова, арьс өнгөний эмчээр Папаво, сүрьеэ, рентгений эмчээр Чернишевская, халдвартын эмчээр Мария Стапанова, мэс заслын эмчээр Жукова, Олзваев, эмэгтэйчүүдийн эмчээр Богомолова, хүүхдийн эмчээр Цацанида нар баруун таван аймгийг хариуцан ажиллаж сүрьеэ болон арьс өнгөний, хүүхдийн халдварт өвчнүүдийн эсрэг онцгой анхаарч ажилладаг байв.  1955 онд арьс өнгөний тасаг, 1958 онд сүрьэгийн тасаг диспансер болон өргөжжээ.

Ховд аймагт анх 1956 онд эмнэлгийн урьдчилан сэргийлэх байгууллагад ариун цэвэр халдварт өвчинтэй тэмцэх ажлыг хариуцсан байцаагч бага эмч ажиллаж эхэлсэн нь одоогийн нийгмийн эрүүл мэндийн ажлын эхлэл үүсч Д.Балжинням 1960 он хүртэл ажиллажээ. 1960 оноос эхлэн тус байгууллагыг халдварт өвчнийг эсэргүүцэх ариун цэврийн станц гэдэг нэртэй болгож их эмч 1 бага эмч 2 лаборант 1, бусад ажилчин 1 бүгд 5 орон тоотойгоор байгуулан даргаар нь их эмч Д.Дашзэвэг томилогдон ажиллаж байсан

1960 оноос Нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн олон тасаг кабинетүүд, шинээр байгуулагдахын зэрэгцээ, тусгай мэргэжлийн эмнэлэг диспансерүүд, ариун цэвэр, урьдчилан сэргийлэх болон эх нялхасын байгууллагууд байгуулагдаж Эрүүлийг хамгаалах байгууллагын шийдвэрлэх асуудлын цар хүрээ ихэссэнээс 1960 онд аймгийн эмнэлгийн хэлтэс нь Эрүүлийг хамгаалах газар болон өргөжиж даргаар нь С.Мижиддорж 1960-1970 он хүртэл ажиллажээ.

1961-1989 он

1960-1975 онуудад бүх сумуудад их эмчийн салбар, 1960 онд Булган, 1964 онд Мөст, 1970 онд Манхан суманд сум дундын эмнэлэг байгуулагджээ. Сум, сум дундын эмнэлэг байгуулагдсанаар харъяа сумуудын хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, эмчилгээ урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн хөдөлмөр магадлалын зарим асуудлыг орон нутагт шийддэг болсон юм.

1964-1970 онуудад Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар С,Мижиддорж ажиллаж байсан ба энэ үед Арьс өнгөний болон Сүрьеэгийн отряд байгуулж эмнэлгийн хэлтсийг өргөтгөн баруун таван аймгийг мэргэжлийн эмч, сувилагчаар ханган, дунд мэргэжилтэнийг давтан сургах, мэргэшүүлэхэд ихээхэн анхаарч байлаа. Больницид нүдний их эмчээр Довдон, уушигны их эмчээр Найдан, хамар хоолойн их эмчээр Жамсран, халдвартын их эмчээр Дашзэвэг, хүүхдийн их эмчээр Дэнсмаа, мэдрэлийн их эмчээр Цэвээн, эмэгтэйчүүдийн их эмчээр Дуламжав, дотрын их эмчээр Цэмбэлцогт, мэс заслын их эмчээр Базар, рентгений эмчээр Гэндэн, арьс өнгөний эмчээр Гомбосүрэн, эрүүл ахуйч эмчээр Цэрэндорж зэрэг чадварлаг их эмч нар иргэдэд тусламж үйлчгээг хүргэн ажиллаж байлаа. 

1970-1988 онуудад Эрүүлийг хамгаалах газрын даргаар С.Адьшаа тасралтгүй 18 жил үр бүтээлтэй ажилласан ба ажиллах хугацаандаа эмнэлгийн материаллаг баазыг бэхжүүлэх эмнэлгүүдийг эмч мэргэжилтэнээр хангах тэдний мэдлэг мэргэжлийг системтэйгээр дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх болон эм хангамжийн байгууллагууд, туслах кабинетүүд, лабораторийн албыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан билээ.

1973 онд аймгийн төвд 160 ортой 3 корпус бүхий нэгдсэн эмнэлгийн шинэ барилга, Эрдэнэбүрэн, Чандмань сумдад 10 ортой эмнэлгийн барилга тус тус барьж ашиглалтанд өгчээ.

Сумын 15 ортой эмнэлгийн шинэчилсэн зургаар барьсан барилгыг Мянгад, Мөст, Алтай, Ховд, Үенч, Дөргөн, Мөнххайрхан сумуудад 1980 оны эхээр ашиглалтанд орууллаа. Энэ ажлын үр дүнд бүх сумын эмнэлэг эмнэлгийн зориулалттай байртай болж, зохих хэмжээний тоног төхөөрөмжөөр хангагдан 1 суманд 1-6 их эмч ажиллах болов.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1988 оны 83 тоот тогтоолоор АЦХСС-д гоц аюулт халдвар өвчинтэй тэмцэх станцын нэгтгэн зохион байгуулж байжээ. 1989 оноос Эрүүл Ахуй Халдвар Судлалын Хяналтын Алба болон даргаар нь Ч.Баатаржав томилогдон ажиллаж байсан бөгөөд байцаагч их эмч Даваажав, Ш.Баярхүү, О.Дарьжав, С.Нина ажиллаж эрүүл ахуйн хяналтын ажлыг чанарын өндөр түвшинд гүцэтгэж байсан нь тухайн үеийн халдварт өвчнүүдийн гаралт буурч байсантай салшгүй холбоотой юм.

1960-1990 оны үед Ховд аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг бааз бэхжиж тоног төхөөрөмж боловсон хүчнээр хангагдаж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж дээшилж эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэд чанарын ахиц гарсан он жилүүд байлаа.

1990-2011 он

1990 оны эхээр улс орон зах зээлийн эдийн засгийн системд шилжиж улс төрийн тогтолцоо өөрчлөгдсөн нь орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны зарчимд өөрчлөлт орууллаа. Орон нутгийн өөрөө удирдах ёс өргөжиж, төвлөрлийг сааруулах чиглэл баримтлах болсон учир сумын эмнэлгүүдийн шууд удирдлага сумын Засаг даргын тамгын газарт шилжсэн юм. Ийм нөхцөлд орон нутгийн эрүүл мэндийн удирдах байгууллага болох эрүүл мэндийн газар нь төр засгаас эрүүл мэндийн талаар тавьж буй бодлогыг орон нутагт мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэгтэй болсон.

1960 онд байгуулагдсан Эрүүлийг хамгаалах газар нь 1992 он хүртэл ажиллаж байгаад Аймгийн засаг даргын газрын эрүүл мэндийн хэлтэс нэртэйгээр ажиллаж байгаал энэ зохион байгуулалт нь 1993 онд дахин засаг даргын тамгын газрын бүтцэд өөрчлөлт орсон учир эрүүл мэндийн асуудлыг тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст хамааруулах болжээ.

1997 онд орон нутгийн эрүүл мэндийн удирдлагын ажлыг нэгдсэн эмнэлгийн удирдлагатай нэгтгэн Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах шийдвэр гаргасан учир нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч орон нутагт эрүүл мэндийн байгууллагын удирдлагын ажлыг хавсран гүйцэтгэж байв. Энэхүү зохион байгуулалт орон нутгийн эрүлл мэндийн байгууллагуудыг удирдан зохион байгуулахад төдий л тохиромжтой биш байсан учир Эрүүл мэнд нийгмийн хамгаалалын сайдын 1999 оны 187 тоот тушаалаар аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх чиш үүрэг бүхий аймгийн эрүүл мэндийн газрыг байгуулав.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцоонд өөрчлөлт орж ЭМДаатгалын систем бүрэлдэн тогтов.

Энэ хүнд үед олон улсын Засгын газрын болон засгийн газрын бус байгууллагуудын хандив тусламж ихээхэнтус болов.

1992 онд УИХ-аас баталсан Монгол улсын Засгийн газрын хөтөлбөрт эмнэлгийн анхан шатны тусламжийг өрхийн эмнэлгийн үйлчилгээгээр дамжуулан гүйцэтгүүлэх зорилт тавигдасны дагуу Азийн хөгжлийн банкны /АХБ/ дэмжлэгтэйгээр хэрэгсэн ЭМСХХ-ийн хүрээнд манай аймгийн төвд 5, Булган сумын төвд 1 өрхийн эмнэлэг байгуулан тусдаа байртай болж хүн амын дунд байрлан нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламжийг хүртээмтэй үзүүлдэг тогтолцоонд шилжсэн. Энэ 6 өрхийн эмнэлэг нь улсын өрхийн эмнэлгүүдийн анхдагч юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгт их засвар хийж Монгол-Японы Засгийн газрын хамтын ажиллагааны дүнд тэрбум орчим төгрөгийн эмчилгээ оношилгоо төгрөгийн эмчилгээ оношилгооны аппарат багаж, тоног төхөөрөмж суурилуулан Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв байгуулав.

1999 оноос БОЭТ, Алтай, Мөст, Мөнхайрхан, Цэцэг, Манхан, Дөргөн, Дарви сумын эмнэлгийн барилгад их засвар, Зэрэг, Үенч, Мянгад сумын эмнэлгийн барилгыг шинээр барьж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангав.

Нэгдсэн эмнэлгийн болон сумуудын эмнэлгийн барилгын засварт 1082,9 сая төгрөг, тоног төхөөрөмжөөр хангахад 1.8 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.

Мөн баг, өрхийн эмч нарын унаанд зориулан 22 ширхэг мотоцикл, баг, өрхийн, эмчийн цүнх, өрхийн эмнэлэг тус бүрт иж бүрдэл компьютер БОЭТ-д эмнэлгийн үйлчилгээний 2 машин тус тус олгосон ба одоо багийн эмч нарын 68,9% нь мотоцикилтой болсон байна.

Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумын эмнэлгүүдийг вакцин хадгалах хөргөгч, мотор, вакцин зөөх сав, багт явж вакцин хийх мотоцикл зэргээр хангасан нь тарилгын хамралтыг дээшлүүлэх, тарилгат халдварт өвчин гарахгүй байх боломжийг бүрдүүлэв.

Мөн энэ үед эм хангамжийн байгууллага эмийн компани болон өөрчлөгдсөн байна.

Эм хангамжийн улсын байгууллага эмийн компани болгон өөрчилсөн.

Төрөөс эрүүл мэндийн талаар бодлогын тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх явдал гэж тодорхойлон 1996 оноос хойш НЭМ-ийн 20-иод хөтөлбөр хэрэгжиж зарим хөтөлбөр нь амжилттайгаар хэрэгжиж дууссан ба одоо 13 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

3.Үе, үеийн удирдлагууд төрөн гарсан эрдэмтэн, алдартнууд

Эрүүл мэндийн газрын дарга, орлогч нар

  1. Сесанов 1928
  2. К.Андраев 1931
  3. Даваасамбуу 1939
  4. Лхамсүрэн1948-1951
  5.  Бямбажав 1951-1956
  6. С.Мижиддорж 1956-1970
  7. С.Адьшаа 1970-1987
  8. Г.Элдэвсүрэн 1987-1989
  9. П.Сэсээр 1989-1995
  10. П.Эрвээхэй 1995-1996
  11. Алтангэрэл 1996-2000
  12. Б.Жамсран 2000-2012
  13. Д.Буянхишиг 2002-2008
  14. Д.Оюунцэцэг 2009 оноос
  15. Т.Баяртогтох 2012-2013
  16. Д.Цээпил 2013-2014
  17. Б.Алтангэрэл 2014-2016
  18. Б.Амаржаргал 2016.11
  19. Ц.Мягмарсүрэн 2017 он

Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч ба бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдагууд

  1. Шаханов
  2. Лхамсүрэн
  3. Морозова
  4. Т.Бямбажав
  5. Д.Баарай
  6. Т.Багаа
  7. Буджав
  8. Ж.Сэд
  9. О.Дамдинцэрэн
  10. Аюурзана
  11. Ядмаа
  12. Т.Отгонбаяр
  13. Ж.Эрхэмбаяр
  14. Д.Даариймаа
  15. П.Сэсээр
  16. М.Албанч
  17. Ш.Пүрэвдорж
  18. П.Эрвээхэй
  19. С.Коля
  20. Д.Буянхишиг
  21. П.Эрвээхэй
  22.  Б.Юра
  23. Т.Баяртогтох
  24. Б.Амаржаргал
  25. П.Улаанхүү
  26. Г.Шижир
  27. П.Гэрэлсүрэн

    Нутгийн алдар, гавъяат эмч нар

  1. А.Отгондалай    Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт
  2. Б.Жав   ардын эмч, доктор, профессор
  3. Н.Баасанжав академич, ардын эмч
  4. М.Албанч МУ-ын хүний гавъяат эмч
  5. Д.Авирмэд МУ-ын хүний гавъяат эмч
  6. Д.Самбуупүрэв МУ-ын хүний гавъяат эмч
  7. Ц.Мухар МУ-ын хүний гавъяат эмч
  8. Ё.Нанжилмаа МУ-ын хүний гавъяат эмч
  9. Н.Нямдаваа МУ-ын хүний гавъяат эмч
  10. Э.Баатархүү МУ-ын хүний гавъяат эмч
  11. Ж.Эрхэмбаяр МУ-ын хүний гавъяат эмч
  12. Д.Бат-Очир МУ-ын хүний гавъяат эмч
  13. Г.Пүрэвжав МУ-ын хүний гавъяат эмч
  14. Т.Эрхэмбаатар МУ-ын хүний гавъяат эмч
  15. Б.Цэрэндаш МУ-ын хүний гавъяат эмч
  16. Ж.Хайрулла МУ-ын хүний гавъяат эмч
  17. Б.Сүхтэй МУ-ын хүний гавъяат эмч
  18. Н.Төмөрбаатар доктор, профессор, академич, МУ-ын хүний гавъяат эмч
  19. Ж.Даваабал Эмэгтэйчүүдийн зөвлөх эмч,  МУ-ын хүний гавъяат эмч
  20. Ц.Даваахүү МУ-ын хүний гавъяат эмч
  21. П.Эрвээхэй МУ-ын хүний гавъяат эмч
  22. Б.Отгоншар МУ-ын хүний гавъяат эмч
  23. Б.Эрдэнэчулуун МУ-ын хүний гавъяат эмч
  24. М.Сүхбаатар МУ-ын улсын гавъяат багш
  25. Т.Янжмаа сумын зөвлөх эх баригч, МУ-ын хүний гавъяат эмч
  26. С.Цэвээнсүрэн Дотрын зөвлөх эмч,  МУ-ын хүний гавъяат эмч
  27. Б.Морох Дотрын эмч , МУ-ын хүний гавъяат эмч
  28. П.Бямбаа Мэдрэлийн  эмч, МУ-ын хүний гавъяат эмч
  29. Т.Шинэбаяр Мэс заслын эмч МУ-ын гавъяат  эмч

Түүхэн замнал

Мэдээлэл шинэчлэгдэгж байна...

Хууль тогтоомж


Хүсэлт илгээх